Үзэн ядсан үг, зураг, бичлэг түгээвэл зохицуулах хэм хэмжээ

Мэдээ, мэдээлэл

Үзэн ядсан үг, зураг, бичлэг түгээвэл зохицуулах хэм хэмжээ

Манай улсад төдийгүй дэлхий дахинд цахим орчин болон бодит орон зайн ялгаа улам бүдгэрч, нэг нэгнээсээ улам хамааралтай болж байна. Зурвас, захиа илгээх, эд зүйл худалдан авах, бэлэглэх, аялал төлөвлөх, тийз, тасалбар, ширээ, хоол захиалах, цаашилбал өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй үзэл бодлоо хуваалцах шинэ орон зай болон өргөжсөн билээ. Нэг талаас хэрэглэгч өөрөө мэдээллийг боловсруулж, бий болгохын зэрэгцээ дамжуулж байдаг ба нөгөө талаас бусдын мэдээллийг ч хүлээн авдаг болсон. Үүнтэй уялдан худал, хуурмаг мэдээлэл түгээх, эсвэл бусдыг үзэн ядах, ялгаварлан гадуурхах агуулга бий болж түгсээр байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элссэн улсуудын тухайд наад зах нь үндэс, угсаа; хэл; арьсны өнгө; нас; хүйс; нийгмийн гарал, байдал; хөрөнгө чинээ; эрхэлсэн ажил, албан тушаал; шашин шүтлэг; үзэл бодол; боловсрол; бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл; эрүүл мэндийн нөхцөл байдлаар үзэн ядах, алагчлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус, хэрцгий хандах, доромжлохыг аль болох хориглодог. Монгол Улсын хэмжээнд үзэн ядах үг хэллэгийг нэг мөр тодорхойлсон зүйлгүй бөгөөд үзэн ядсан төдийгүй үзэн ядахад чиглэсэн, өдөөсөн, дэвэргэсэн, үзэн ядахад хүргэсэн нөхцөлийг ч хамруулах шаардлагатай ажээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойчэ Вэллэ Академийн дэмжлэгтэйгээр Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн гүйцэтгэсэн “Нийгмийн мэдээллийн сүлжээн дэх үзэн ядах үг хэллэг” сэдэвт Фэйсбүүк дэх мэдээлэлд хийсэн агуулгыг задлан шинжилсэн судалгаа, Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” сэдэвт 2018 онд хийсэн судалгаанаас манай улсын хэрэглэгчдийн түгээмэл хэрэглээний дараах нийтлэг дүр зургийг харж болно. Сэтгүүлч бичвэртээ хэрэглэсэн, уншигч сэтгэгдэлдээ бичсэн, хэрэглэгч өөрийн цахим хаягтаа илэрхийлсэн агуулгыг:

- Үндэс, угсаа

- Нас, хүйс

- Нийгмийн гарал, байдал

- Хөрөнгө чинээ

- Эрхэлсэн ажил, албан тушаал

- Шашин шүтлэг

- Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үзэн ядсан гэж ангилах боломжтой.

Мөн ерөнхий нэр хоч өгсөн, доромжилсон; бодит хүнд өгсөн доромж хоч өгөх, бусдын зургийг засварлан тохуурхах, муушаах, үзэн ядахад хүргэх гэсэн нийтлэг хэлбэр ажиглажээ.

Эдгээр судлаачийн зүгээс “үзэн ядах үг хэллэг гэдэгт бид хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүнийг үндэс угсаа, шашин шүтлэг, жендэр, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгт нь үндэслэн ялгаварлан гадуурхсан, эсхүл гүтгэх, доромжилсон, мөн хүчирхийлэлд уриалан дуудсан, дайрч давшилсан, нэр хоч өгсөн зэрэг бүх төрлийн үг хэллэг, хэлэмжийг ойлгож болохоор” тодорхойлжээ.

Хэдийгээр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөө хүн бүр эдлэх ёстой, хувь хүн өөрийн нэр, интернетийн хаягаа нууцлах боломжтой ч гэсэн нийгмийн харилцаанаас хальж, бусдыг дайрсан, доромжилсон, гүтгэсэн, зүхсэн, хувийн орон зай, нууцад халдсан, ялгаварласан мэдээллийг дэвэргэн олноороо түгээдэг сөрөг үйл төлөвшиж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19, 20-р зүйл

Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.

Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын  хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.

Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой:

а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.

Дайныг аливаа хэлбэрээр сурталчлахыг хуулиар хориглоно.

Алагчилан дайсагналцах болон  хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно.

Манай улсын тухайд үндэсний хууль тогтоомждоо тусгайлан заасан зохицуулалт бий. Тодруулбал:

Монгол Улсын Үндсэн хууль

 

§ 16.16) итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, … хийх эрх чөлөөтэй.

 17.1) Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

- Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

- хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

 19.3) Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

3.3.3. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх

3.3.3.1. Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн төлөвшил, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.

3.3.3.2. Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.

3.3.3.3. Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.

3.3.3.4. Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хууль

Монгол Улсын Зөрчлийн тухай хууль

14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

6.21 дүгээр зүйл.Гүтгэх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Иргэн та өөрийн мэдэлгүй, бусдын хэлсэн үгийг давтаж хэлснээр хариуцлага хүлээх боломжтойг дээрх зохицуулалтаас хараарай. Цахим орчинд үлдээсэн таны ул мөр огт арилж замхрахгүй үлдэх эрсдэлтэйг мартаж болохгүй шүү.

Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд редакцын бодлогоор сэтгүүлчдийн ёс зүйг чиглүүлэх, мөн цахим талбар дахь зарим нийтлэлийн тухайд уншигч, хэрэглэгч сэтгэгдэл бичихгүй байхаар тохируулах, үзэн ядах үг хэллэг бүхий сэтгэгдлийг даруй устгаж хэвших нь чухал ач холбогдолтой билээ.

Иргэн бүр дараах таван алхмын дагуу бусдын хэлсэн үгийг нягтлан харж, цааш түгээх эсэхээ шийдэж хэвшээрэй:

Үзэн ядах үг хэллэгийн эсрэг сэтгүүлч, эрхлэгчдийн оруулах хувь нэмэр: Таван алхамт шалгуур

1. Хэлсэн хүний нөхцөл байдал: Тухайн этгээдийн байр суурь нь түүний сэдэлд хэрхэн нөлөөлөх вэ? Түүний үгийг сонсож байна уу, эсвэл үл ойшоож байна уу? 

2. Хэлсэн үгийн цар хүрээ: Түүний хэлсэн үг хэр түгэв? Өөрийн зан байдлаа шингээсэн зүйл байна уу? 

3. Хэлсэн үгсийн зорилго: Үг хэлсэн хүнд ямар ашигтай вэ, ашиг сонирхлыг нь дэмжсэн үү? Шууд санаатайгаар бусдад хохирол учруулах зорилготой юу?

4. Ярианы агуулга: Хэлсэн үг нь аюултай юу? Бусдыг хүчирхийлэхэд өдөөж байна уу?

5. Нийгэм/эдийн засаг/улс төрийн уур амьсгал: Түүний хэлсэн үгээс хэнд сөрөг нөлөө үзүүлэх вэ? Өмнө нь зөрчилдөөн эсвэл ялгаварлан гадуурхалт болж байсан уу?

Та:

- Дуулиан, шуугианы араас бүү хөөцөлдөөрэй.

- Нийтэд түгээхдээ яараад хэрэггүй.

- Эргэцүүлэн дахин нэг хараад үзээрэй.

 

Эх сурвалж:

https://www.legalinfo.mn/law/

http://www.nsc.gov.mn/sites/default/files/National%20Security%20Concept%20of%20Mongolia%20MN.pdf

https://ethicaljournalismnetwork.org/resources/infographics/5-point-test-for-hate-speech-english